Улстөрчид фэйсбүүкийг зөв ашиглаж чадаж байна уу?

Энэ жилийн сонгуульд нэр дэвшигчид сошиал медиад ихээхэн ач холбогдол өгч байгаа нь анзаарагдах болсон. Энэ нь сонгуулийн хуулиас гадна олон нийтийн мэдээлэл авдаг гол хэрэгсэл телевизээс сошиал медиа руу шилжсэнтэй холбоотой биз ээ. Энэ удаад бид Ардчилсан намын гишүүн улстөрчид фэйсбүүктээ хэр ач холбогдол өгч байгааг нэг бүрчлэн судаллаа.
АН-ын 76 нэр дэвшигчийг нэрээр нь нэг бүрчлэн хайж, гарч ирсэн илэрц бүрийг тухайн нэр дэвшигчийнх мөн эсэхийг баталгаажуулсны дараа доорхи нийтлэлийг бэлтгэсэн болно.
Энд хэн нэгнийг нь магтаж, муулах гэсэнгүй. Монгол Улсад 600 мянга гаруй хүн идэвхтэй хэрэглэж байгаа фэйсбүүкийг улстөрчид үр дүнтэй ашиглаж чадаж буй эсэхэд тодорхой арга зүйн дагуу дүгнэлт хийж “ХАМГИЙН ХАМГИЙН”-ийг тодрууллаа.
НЭГ. Хамгийн их лайктай нэр дэвшигчид
1.    Х.Баттулга 306.000
2.    Г.Баярсайхан 220.000
3.    Н.Алтанхуяг 119.000
4.    Ж.Батзандан 115.000
5.    Р.Булгамаа 115.000
6.    З.Энхболд 97.000
7.    Н.Түвшинбаяр 76.800
8.    Д.Доржпүрэв 51.000
9.    Ө.Пүрэвбаатар 50.900
10.  Я.Санжмятав 50.200
Контентын хүч буюу “ид шид”-ийг ойлгосон, түүнийгээ түгээхдээ ТВ болон сошиал медиаг сайн ашиглаж чаддаг Х.Баттулга гишүүн энэ хэмжээний лайктай байхад гайхаад байх зүйлгүй. Зөвхөн сошиал ч гэлтгүй хэвлэл мэдээллийн бүх сувагт чанартай контент амжилтыг ямагт дагуулдаг.
Харин эдэн дунд анхаарал татаж байгаа нэг нэр дэвшигч бол Р.Булгамаа. Түүний талаар доор өгүүлсэн байгаа. Н.Түвшинбаяр аваргын 76.000 фэний олонх нь түүний спортын амжилттай холбоотой бөгөөд дэвшсэн тойргийнх нь иргэд бага хувийг эзэлж байгаа нь хэнд ч ойлгомжтой байх.
Зөвлөгөө №1. Хуудас худалдаж авах арга
Олон лайк, пэйжтэй болох олон аргуудаас хамгийн хурдан бас зардал багатай хийж болох арга нь олон лайктай фэйсбүүк хуудас худалдан авч, нэрийг нь сольж ашиглах юм.
Бизнесийн байгууллага, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хуудсууд энэ аргыг ихэвчлэн ашигладаг ба энэ нь хүлээн зөвшөөрөгддөг. Харин улстөрчдийн хувьд энэ нь тийм ч үр дүнтэй арга биш.
Учир нь:
1-рт, Лайк дарсан иргэд зорилтот бус бүлэг байх өндөр магадлалтай.
2-рт, Жижиг хэдий ч анхаарах зүйл бол фэйсбүүк хуудасны нэрийг солих үед хуучин байсан үгний нэг үеийг үлдээж сольдог. Худалдаж авсан хэд хэдэн хуудсуудаас дараах хуудсыг сонгож орууллаа.
“Б.Эрдэнэбатын дэмжигчдийн хуудас” нь эхлээд “НЭКО БРЭНД” гэсэн нэртэй хуудас байсан байна. Нэр дэвшигч Б.Эрэнэбат хуудасныхаа нэрнээс НЭКО БРЭНД гэсэн нэрийг 7 хоногийн дараа хасах боломжтой. Энэ скрийшотыг … сарын … –нд хийсэн бөгөөд таныг энэ нийтлэлийг уншаад түүний хуудас руу ороход “НЭКО БРЭНД” гэсэн үг нь устчихсан байх биз ээ.

13487562_1243924095640044_198574883_
ХОЁР: Хамгийн бага лайктай нэр дэвшигчид
1.    Д.Мурат
2.    З.Алтангэрэл
3.    Н.Батцэрэг
4.    Д.Жаргал
5.    Ж.Батсуурь
6.    Д.Арвин
7.    М.Чинболд – 5 лайк
8.    Д.Алтанхуяг 173
9.    Б.Мягмарсүрэн 400
10.  Ш.Түвдэндорж 480
Бүх нэр дэвшигчид фэйсбүүкт ач холбогдол өгөх албагүй л дээ. Алслагдсан сумдад тойрог нь таарсан нэр дэвшигчид бол бүр хэрэггүй. Гэхдээ л нэг үеэ бодвол Монгол Улс интернэтэд хаанаас ч холбогдох боломжтой болсон ба хөдөөгийн аав ээждээ нөлөөлөх чадвартай хүмүүс нь технологийн талаар мэдлэгтэй, сошиал медиад идэвхтэй залуучууд байх нь элбэг. Эхний 6 нэр дэвшигчийн фэйсбүүк хуудасыг хайгаад олоогүй. Одоохондоо хараахан нээж амжаагүй эсвэл нуух буюу unpublish хийсэн ч байж болох.
Зөвлөгөө №2. Мундаг улстөрчтэй өөрийгөө сөргүүлэн тавих
Энэ зурагт Ш.Түвдэндорж нэр дэвшигч МАХН-ын дарга Н.Энхбаярын эсрэг өөрийгөө сөргүүлэн тавьжээ. Ингэж сөргүүлэн тавих нь нэр нөлөөтэй хүнтэй жишигдэн ижил түвшинд очих, харьцуулагдах гэсэн шинэ залуу улстөрчийн тактик юм. Сонгуулийн стратеги нь ямраар төлөвлөгдсөнийг мэдэхгүй учраас сайн муу, буруу зөв гэж хэлж чадахгүй. Гэхдээ л өөрийнхөө мөрийн хөтөлбөр, мэдээллийг хүргэх өөрийн гэсэн хуудас эсхүл профайл нээх нь мэдээжийн асуудал биз ээ.

ГУРАВ: Хамгийх их лайктай эмэгтэй нэр дэвшигчид
1.    Булгамаа 115.000
2.    С.Одонтуяа 58.000
3.    Ц.Оюунгэрэл 50000
4.    Г.Эрдэнэтунгалаг 35000
5.    Б.Мөнхцэцэг 15000
Нэр дэвшигч Р.Булгамаа “Хүүхдүүд ийм айхтар” гэдэг нэртэй хуудас худалдаж авсан байна. Хуудасны нэрийг солихын тулд үндсэн нэрний нэг үгийг үлдээж солих нэрээ оруулж бичдэгийг дээр онцолсон. 7 хоногийн дараа тухайн үлдээсэн нэрээ хассанаар нэр бүтэн солигдоно. Харин 2-ын тоогоор заасан URL буюу username нь олон солигдсоор дахиж солигдох боломжгүй болдог. Магадгүй энэ нэр дэвшигчийн хуудсыг солигдохоо больсон гэж харж болохоор байна. Тийм биш байсан бол “huuhduudaihtar” гэсэн тодотголтойгоор өрсөлдөхгүй байх байсан биз ээ.

ДӨРӨВ: Пэйж бус профайлтай нэр дэвшигчид
1.    Р.Гончигдорж
2.    Д.Ганбат
3.    О.Амгаланбаатар
4.    Г.Ганбаатар
5.    Б.Наранхүү
6.    С.Дэмчиг
7.    Б.Бадраа
8.    Б.Энхбайгаль
9.    Т.Энхсайхан
10.  Б.Пүрэвдорж
11.  Д.Батцогт
12.  Ж.Оюунбаатар
13.  Б.Болор
14.  Л.Гантөмөр
15.  Б.Мөнхтуяа
16.  О.Эрдэнэбулган
17.  Д.Оросоо
18.  Л.Эрдэнэчимэг
Зөвлөгөө №3. Профайл бус пэйж хуудас ашигла
Эдгээр нэр дэвшигч сурталчилгаандаа өнөөдрийн байдлаар (6.9) профайлаа идэвхтэй ашиглаж байна. Профайлаа ашиглах нь буруу биш ч сошиал медиаг сурталчилгааны зорилгоор ашиглахад пэйж нь илүү тохиромжтой байдаг.
Профайл ашиглахын дутагдалтай тал:
·         Facebook ads буюу төлбөрт сурталчилгааг фэйсбүүк профайлаар явуулж болдоггүй.
·         Мөн найзын тоо 5000 хүрээд, найзын хүсэлтийн тоо 1200 даваад тулчихдаг.
·         Олон нийт нэр дэвшигчийг фэйсбүүк дээр дагаж болох ч сонгогчийн хувьд тойргийн гадна үлдсэн мэт сэтгэгдэл үлддэг тул сөрөг хандлага үүсэх магадлалтай.
 Профайл ашиглахын давуу тал:
·         Хүмүүстэй дотно харилцаж болохоос гадна сонирхлын бүлгүүдэд элсэж, үзэл бодлоо хуваалцаж, шинээр дэмжигч олж авах боломжтой. (Hummer сонирхогчдын бүлэг, Өвөрхангай аймгийн групп гэх мэт)
·         Профайл болон пэйжийг аль нэгийг нь л голчилж ашиглахыг зөвлөж байна. Учир нь хайлтан дээр 2 ижил нэр гарч ирж төөрөгдөл үүсгэхэд хүргэдэг.
Фэйсбүүкийг хамгийн ухаалаг ашиглаж буй нэр дэвшигч
·         Л.Гантөмөр
Зөвлөгөө №4. Үйлдэлд уриалан дуудах
Фэйсбүүк ашиглах, маркетинг хийхэд мэдсэн байх хамгийн чухал асуудал нь фэйсбүүк алгоритм буюу эджранк (edgerank) билээ. Энэ нь фэйсбүүк хэрэглэгчдийн таймлайн буюу фийд дээр аль пэйжийн, аль группийн ямар мэдээлэл хэдий хэр давтамжтай гарахыг тооцоолдог алгоритм юм. Өнгөрсөн оны 11-р сард хийсэн шинэчлэлийн дагуу фэйсбүүк хэрэглэгчдийн фийд дээр 1500 мэдээлэл гарч ирдэг байсан бол 300 болж буурсан.  Мөн фэйсбүүк пэйжд постлосон мэдээлэл нь лайк дарсан хүмүүсийнх нь 20%-д харагддаг байсныг 6% болгож бууруулсан.
Ингэж мэдээлэл хүргэх боломжуудыг хассан нь илүү ухаалаг, чанартай контент бүтээх шаардлагыг бий болгосон. Пэйжд орж байгаа мэдээллийн контент нь нэмэлт зардалгүйгээр түгэхүйц эсвэл фэйсбүүк хэрэглэгчид сайн дураараа түгээж өгөхүйц “дур булаам” буюу чанартай байх шаардлагатай.

Үүнийг овжиноор ашиглаж байгаа нэг жишээ нь Л.Гантөмөрийн “Тархины фитнесс” цуврал бодлого юм. Энэхүү бодлого нь бага зэрэг толгой ажиллуулах ч ер нь энгийн бодлогод тооцогдох тул фэйсбүүк хэрэглэгчид их оролцдог. Л.Гантөмөрийн пэйжийн пост дээр нэг хариулт бичсэн хүний фийд дээр маргаашийн пост нь харагдах магадлал нь өснө. Фэйсбүүк бидний сүүлчийн 50 хоногийн мэдээллийг хадгалдаг (аль пэйж рүү нэвтэрсэн, аль хүнтэй их чатласан, аль пэйжийн мэдээлэлийг их үзсэн бэ, аль пэйжийн мэдээлэлд илүү их коммент бичсэн бэ гэх зэрэг) ба хамгийн их харилцсан хүмүүсийн мэдээлэл дээгүүр илэрцлэгдэж, хамгийн их коммент бичсэн, байнга орж үздэг группийн чинь мэдээлэл түлхүү гарах юм.
Зөвлөгөө №5 Видео түлхүү ашигла
Фэйсбүүк нь видеог түлхүү дэмжиж эхэлсээр 2 жил гаруй хугацааг үдэж байна. Дэлхийн хамгийн том видео платформ болох юүтүбийг 2014 оны 8-р сард үзэлтийнхээ тоогоор гүйцэж түрүүлсэн. Өөрөөр хэлбэл, фэйсбүүк дээрх видеог юүтүб дээрхээс илүү үздэг гэсэн үг.
Тиймээс нэр дэвшигчид видео мэдээллээ юүтүбд биш фэйсбүүктээ оруулах нь илүү үр дүнтэй болсныг ойлгох хэрэгтэй. Фэйсбүүк дэх видео нь автоматаар тоглогддог болсон мөн live video буюу шууд видеог хийж болдог болсон нь видео контентод давуу тал үүсгэж байгаа.
Нийтлэг хандлага:
1.    Мэдээжийн мэт үгтэй эшлэлүүдийг их хэрэглэж байгаа нь фэйсбүүк хэрэглэгчдийн амны бай болж байна.
2.    Нэр дэвшиж буй тойрог, түүнд харъяалагдах нутаг усныхаа онцлог болон үзэсгэлэнт байгалийн зураг, бичлэг, текстэн мэдээллүүдийг оруулах нь түгээмэл байна.
3.    Өөрийнхөө нэрээр нэрлэсэн хуудсаараа албан ёсны гоё сайхан мэдээллүүдээ, харин албан бус, өрсөлдөгчдийнхөө талаарх болон бараан мэдээллүүдээ “Дэмжигчдийн хуудас” гэж нэрлэсэн нөгөө хуудсаараа түгээх хандлагатай байна.
4.    Одоохондоо бохир заваан ажлуудаа эхлүүлэхгүй, түрүүлж дайралт хийхгүй, хариу цохилтод бэлдэн азнаж байгаа нь анзаарагдаж байна.
Дижитал маркетер Саруулхан
via: GOGO.MN

Comments