Б.Саруулбаяр: Интернэт маркетинг бол багийн ажил

Цахим сүлжээ, олон нийтийн сайтууд нь хүмүүсийн ажлын хэрэгсэл нэгэнт болжээ. Тэдгээрийг хэрхэн үр бүтээлтэй ашиглах талаар цогц мэдээлэл өгч туршлага хуваалцах чуулган “Интернэт Маркетингийн Конференци 2015” нэрийн дор 4-р сарын 16-нд болох гэж байна. Уг үйл ажиллагааг зохион байгуулагч, Сошиал Медиа Бизнес ХХК-ийн захирал Б.Саруулбаяртай ярилцлаа.   

-Интернэтээр амьсгалагчид бүтээлч хандлагыг эрхэмлэх болсон нь та бүхний зохион байгуулах гэж буй чуулган гэж харж, баяр хүргэмээр санагдлаа. Яагаад энэ үйл ажиллагааг хийх болов. Гол шалтгаан нь...? 



- 21-р зуун бол мэдээллийн зуун. Технологийн зуун ч гэж ярьдаг. Байгууллагууд ч бай, хувь хүмүүс ч бай бүгд дижиталчлагдах хандлага гарч ирснийг өнөөдөр бүгд л харж байна. Тэр тусмаа бизнесийн байгууллагуудын маркетингийн үйл ажиллагаа нь энэ шуурганд хамгийн түрүүнд өртөх нь дамжиггүй болоод ирсэн. Дэлхий даяар сошиал медиа хэрэглэгчид огцом ихэсч, ухаалаг утасны хэрэглээ өсч байгаа нь байгууллагын маркетеруудад интернэтээр дамжуулан маркетинг хийх хэрэгцээ шаардлагагыг хүссэн хүсээгүй бий болгож байна. Монгол улс интернэтэд холбогдсон 19 жилийн хугацаанд хэрэглэгчид хувийн  хэрэглээндээ интернэтийг өндөр түвшинд ашиглаж чаддаг болсон. Харин бизнесийн зорилгоор буюу  байгууллагынхаа маркетинг, пиарын зорилгын төлөөх хэрэглээ нь шинэ тутам байна. Тийм учраас интернэт маркетинг гэж яг юу болох, ямар зардлаар яаж үр дүнд хүрдэг, гар утас, видео, и-мэйл ашиглан хэрхэн сайн маркетинг хийж болох вэ гэдгийг шинлэх ухааны үндэслэлтэй тайлбарласан ойлголтыг өгч, дараа нь үндсэн ажил руугаа орохоор манай баг ярилцсан юм. Гол шалтгаан нь гэвэл ердөө л энэ.

-Өнөөдөр интернэтээр маркетинг хийхгүй хувь хүн, байгууллага бараг алга. Тэдний алдаа бас оноо нь юу вэ? 


-Интернэт маркетинг гэдэг нь өөрөө концепци. Багийн ажил. Төлөвлөгөө ба үр дүнгийн хослол юм. Байгууллагууд өөрсдөө интернэт маркетинг гэдгийг юу вэ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Фэйсбүүктээ пост бичиж, твиттер хаяг нээж,  мэдээний сайтад баннер байршуулсныгаа интернэт маркетинг хийж байна гэж ойлгодог байгууллагуудтай олон таарч байсан. Энэ бол алдаа. Онлайн маркетингийг хийхийн тулд бодитой судалгаа, сайн төлөвлөгөө, чармайлттай гүйцэтгэгч хэрэгтэй. Дахиад хэлье. Энэ бол багийн ажил. Монголын зарим томоохон байгууллагууд маркетингийн газрынхаа дэргэд интернэт маркетингийн нэгж ажиллуулж эхэлж байгаа нь энэ чиглэлд ач холбогдол өгч байгаа нэг баталгаа нь юм

- Илтгэгчдийг нэрсийг харахад бүгд салбартаа хийж бүтээж, манлайлж яваа залуус байна лээ. Мэдээлэл, мэдлэгээ хуваалцаж байгаа нь магадгүй сайн хамтын ажиллагааг харуулах шинэ жишиг ч байж болох юм. Та нарыг юу, хэн нэгтгэсэн бэ? 

-“Интернэт Маркетингийн конференци 2015”-д оролцох илтгэгчдийн дунд Монголын томоохон байгууллагуудад интернэт маркетинг, контент маркетинг, сошиал медиа маркетингийн чиглэлүүдээр хичээл заадаг багш, сургалт зөвлөгөө өгдөг экспертүүд багтсан байгаа. Энэ үйл ажиллагааг санаачлаад нэрийг нь хэлж үзэхэд л заавал байх ёстой хэд хэдэн хүний нэр шууд орж ирсэн л дээ. Үнэхээр ч энэ салбартаа амжилттай ажиллаж, зүтгэж яваа мундаг багийг зохион байгуулагчид бүрдүүлж чадсан гэж үзэж байгаа. Конференцид бүртгүүлсэн компаниудаас харахад аялал жуулчлал, банк санхүү, технологийн компаниуд түлхүү байна. Энэ нь аль салбарт компаниуд интернэт маркетингийг илүү ашиглаж байна вэ гэдгийг харуулж буй нэг үзүүлэлт юм.

-Интернэт, Маркетинг, Конференц... нэршлийн хувьд эртнээс танил хэрнээ яг хөрсөн дээр буулгахад их хол сонсогдож байна л даа. Чуулганаас гарах үр дүнг тодорхой жишээ баримтад түшиглэж хэлэх боломжтой юу? 

-    Байгууллагууд яагаад интернэт маркетингийг ашиглах шаардлагатай вэ гэдгээ ойлгочихсон байна. Одоо харин “Яаж?” гэдгээ мэдэхийг хүсч байна. Бид үүнд л хариулт өгөх юм. Уламжлалт хэрэгсэл болох телевиз, сонин сэтгүүл, зарлалын самбар гэх мэт маркетингийн аргууд Монголд байтугай дэлхий даяар эрчээ алдчихсан байгаа. Монголчууд маань интернэт, сошиал медиа  бол үр дүнтэй, бас зардал багатай маркетингийн арга гэж аль хэдийнэ мэддэг болсон. Тийм учраас энэхүү өөрчлөлтөд хэрэглэгчид болон байгууллагууд яаж дасан зохицож хэрэглэгчээ хадгалж үлдэх вэ гэдгийг конференцид оролцсоноор мэдэх боломжтой. Анх удаа болж байгаа гэдэг утгаараа Монголын маркетингийн хөгжилд ахиц авчирсан, шинэлэг үйл ажиллагаа болно гэж бид найдаж байна.

-Сошиал орчин нэг ийм хөгжилтэй ч гэх юм уу явдал их гардаг л даа. Ямар нэг үйл явдлын зарлалыг маш тодорхой биччихсэн байхад хаана хэзээ болох вэ гэж коментоор дахиад асуудаг. Анзааргагүй ч юм уу эсвэл агуулгыг тогтож хардаггүй байх. Тийм болохоор дахин лавлая, конференц хэзээ, хаана хэдэн цагаас болох вэ? Хэнтэй холбогдож шуурхай мэдээлэл авах вэ? Төлбөр нь хэд вэ? 

- 4-р сарын 16-ны пүрэв гарагт 09:00 цагаас 18:00 хүртэл Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгууллагдана. Өдрийн цай хоолтой. Орой нь нэрийн хуудас солилцох, танилын хүрээгээ тэлэх арга хэмжээтэй. Нийт 15 илтгэгч мэдлэг, туршлагаа хуваалцана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.imconf.mn сайтаас харах боломжтой, эсвэл 99034702 дугаараар шууд бүртгүүлж болно. Онлайнаар бүртгүүлж амжаагүй хүмүүс өглөө арга хэмжээ эхлэхээс өмнө төлбөрөө бэлнээр авч очоод оролцох боломжтой.

-Баярлалаа. Чуулганаа үр дүнтэй хийж, тайлан мэдээллээ хуваалцаарай?

-Бидний үйл ажиллагааг дэмжих нэг хэлбэр бол та бүхний оролцоо юм шүү. Баярлалаа
Эх сурвалж http://www.info.mn

Comments