Б.Саруулбаяр: Хямралын үед компаниуд сошиал медиа маркетингийг сонгох нь хамгийн зөв алхам юм



-Өнөөдөр эдийн засгийн хямралаас улбаалж бизнесийн салбар ганхаж эхэллээ гэхэд хилсдэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт багасч, Монголын толгой компаниуд нь ч ажилтнуудаа цомхотгож зардлаа танаж эхэллээ. Мэдээж маркетингийн зардал багасч таарна. Ийм үед бага төсвөөр маркетингийн ямар бодлого барьж ажиллах хэрэгтэй вэ?
-Одоогоор Монголын эдийн засаг уруугаа харчихаад байна. Бизнесийн салбарт сөрөг үзүүлэлтүүд ажиглагдаж байна. Орлого түрүүчийн жилийнхээс 2-3 дахин буурсан тухай том компаниуд ярьж байна. Засгийн газрын тайлан болон бусад эх сурвалжууд ч үүнийг батална. Ажилтнууд ч энэ тухай яриад байна. Орлого буурах нь мэдээж бизнесийн хувьд том асуудал мөн л дөө. Орлого буурахад удирдлага олон арга хэмжээ авч компаниа алдагдалгүй авч үлдэхийг хичээх хэрэгтэй юм. Үүний нэг жишээ нь ажилтнаа цомхотгох шүү дээ. Гэхдээ энэ нь мэдээж зөв гарц биш. Хүний нөөц нь өөрөө баялаг, капитал. Ийм үед компаниуд үйлчилгээгээ өргөтгөх, чанаржуулах, улирлын болон жилийн төлөвлөгөөгөө өөрчлөх, хэрэггүй зардлаа бууруулах, зоригтой шинэ ашигтай алхамуудыг турших, зорилгоо илүү нарийвчлах гэх мэт арга хэмжээг авах нь зүйтэй.
-Маркетингийн бодлого, сурталчилгаа, борлуулалт үйлчилгээний бодлогын хувьд авч үзвэл бага зардлаар их үр дүнд хүрэх компанит ажлыг зохион байгуулах хэрэгтэй гэж үзэх үү?
-Яг тийм. Өнөөдөр телевиз, радио, сонин сэтгүүл нь нийтэд зориулагдсан суваг болчихсон. Харин одоогийн маркетингийн хандлага нь зорилтот хэрэглэгчид рүү чиглэж байна. Үнэнч хэрэглэгч юу хүсч байна, ямар бүтээгдэхүүн үйлчилгээг хүсч байна, бүтээгдэхүүн үйлчилгээнд ямар нэмэлт зүйл хэрэгтэй тухай санал хэлж байна, түүнийг л компаниуд өгөхийг зорьж ажилладаг болсон. Нийт олонд хандсан сурталчилгаа бол гудамжинд гараад “манайхыг сонгоорой” гэж орилохтой адилхан зүйл. Харин ухаалаг маркетерууд хэрэглэгчдийнхээ мэдээллийг үүсгэж түүндээ төвлөрч ажилладаг. Энэхүү мэдээлэл датабэйсийг цуглуулах, төвлөрч ажиллах нь орчин цагийн маркетер хүний ажил болчихоод байна л даа.
Энэ ажлын нэг давуу тал нь байгууллагын зардлыг үлэмж хэмжээгээр багасгадаг. Яагаад гэвэл энэ нь интернэтэд суурилсан CRM программ хангамж болон маркетингийн зөв концепц болон маркетингийн сувгийн л нэгдмэл үйл ажиллагаа. Нэг ёсондоо интернэт маркетинг, тэр дундаа бүр сошиал медиа маркетингийг хямралын үед ашиглах хамгийн боломжит маркетингийн суваг гэж харж байна.
-Сошиал медиа маркетинг гэдгийг товч тайлбарлахгүй юу?
-Бидний өдөр бүр ашигладаг олон нийтийн сүлжээний сайтууд болох фэйсбүүк, твиттер, ютүб, линкедин гэх мэт платформуудыг ашиглаж маркетинг хийхийг ерөнхийдөө сошиал медиа маркетингийн үйл ажиллагаа гэж хэлж болно. Фэйсбүүк бол өөрөө том зах зээл. Таны мэдээллийг, сурталчилгааг хүлээж авахад бэлэн 800 мянга гаруй Монгол хэрэглэгчид фэйсбүүкт скролл эргүүлээд л хүлээгээд сууж байна. Гэхдээ энэ хэрэглэгч дунд байгууллагынхаа мэдээлэл сурталчилгааг байрлуулчихна гэсэн үг биш. Сошиал медиа маркетингийг маш болгоомжтой, төлөвлөгөөтэй, мэргэжлийн хийх хэрэгтэй. Буруу хийвэл энэ нь сахил хүртээд шал дордов гэгч л болно. Тиймээс мэргэжлийн хүнээр эсвэл багаар энэхүү ажлаа хийлгэх нь зүйтэй.
-Маркетингийн ийм ажиллагаагаар амжилтад хүрсэн Монголын компанийн жишээ бий юу?
-Та бодоод үзээрэй. 20 секундын реклам хийлгээд, 1 сар тв-ээр явуулах зардлыг тооцоод үзэх хэрэгтэй. Хийлгэх хөлс нь дорж хаяж 1 сая, цацуулах мөнгө нь 1 секунд нь 1000 төгрөг гэж үзвэл өдөрт хэдэн давтамжтай яаж цацуулахаас хамаараад сард багадаа л 5  сая орчим төгрөг болно. Гол нь тэгээд энэхүү компанит ажлыг явуулаад хэдэн хүн үзэв, ямар насны ямар нийгмийн хэв шинжтэй хүмүүс сонирхов, хэд нь хариу үйлдэл үзүүлэв, хэн нь юу гэсэн санал хүсэлттэй байна вэ гэдгийг тооцоход маш хэцүү. “Максима”-гийн судалгаа ч гэсэн компанийн маркетингийн тайланд оруулахад учир дутагдалтай. Харин сошиал медиагаар хийсэн сурталчилгааг хянаж, цагдаж, үйлчлүүлэгчидтэйгээ харилцаж,  санал бодлыг нь сонсож, засч залруулж болдгоороо давуу талтай юм. Мөн зардлын хувьд ч телевизээр явуулах компанит ажлаас даруй 2-3 дахин бага төсөв шаардана.
Монголын бизнес эрхлэгчид одоо л интернэт, сошиал медиагийн үр ашгийг ойлгоод энэ зах зээлд сурталчилгаа,  маркетинг явуулах сонирхолтой болж байх шиг байна. Гэхдээ бас мэдлэггүйтэх хандлага зөндөө л гарч байгаа ажиглагддаг. Ингэхээр л манай компанийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байдаг. Энэ зах зээлийг мэдэрсэн ч болохоор би “Сошиал Медиа Бизнес” компаниа байгуулсан. Бид одоогоор Монголын 3-4 байгууллагын сошиал медиа маркетингийн үйлчилгээний захиалгыг аваад хийгээд хүлээлгээд өгчихөөд байж байна.
-Компанийнхаа тухай товч танилцуулахгүй юу, хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?
-Манай компани энэ оны эхээр хоёрдугаар сард байгууллагдсан. Үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа ч чамлахааргүй ажлуудыг хийж гүйцэтгэж, Монголын томоохон компаниудтай хамтран ажиллачихсан байна. Хүний нөөцийн хувьд маш цомхон. Бид “Нэг маркетингийн ажилтны цалингаар 5 хүнтэй мэргэжлийн баг хөлсөл” гэдэг уриан дор ажилладаг. Ерөнхийдөө ЛинкедИн сүлжээний үүсгэн байгуулагч Рэйд Хоффманы арга туршлагыг судалж, энэ хүний философийг компанийнхаа үнэт зүйлст шингээж өгөхийг хүсдэг юм. Үйлчилгээний хувьд одоогоор сошиал медиа маркетингийн үйлчигээ үзүүлж байна. Үүнийгээ дагаад вэб сайт хийх болон удирдах, мобайл болон фэйсбүүк аппликэйшн, зарим нэг дизайны ажлууд гэх мэтийг үндсэн үйлчилгээтэй уялдуулж хүргэж байгаа.
-Хоёулаа хямралын үед компанийн маркетингийг хэрхэн хийх вэ гэсэн сэдвийн дор ярилцаж байгаа. Харин танай компани маркетингаа хэрхэн явуулдаг юм бэ?
-Интернэтийн үйлчилгээг интернэтээр л сурталчлах хэрэгтэй гэж “Датаком” ХХК-ийн Борлуулалт үйлчилгээний албаны дарга Б.Үнэнбат эгч надад хэлж байсан юм. Би үүнийг зөв гэж боддог. Бид сошиал медиа болох фэйсбүүк твиттерээр л хэрэглэгч харилцагчиддаа мэдээлэл хүргэж байгаа. Маркетингийн үйл ажиллагаа гэж би хэлж чадахгүй л дээ. Загасчны морь усгүй гэдэг шиг л юм уу даа. Одоогоор бидний харилцагчид сошиал медиа маркетинг гэдгийг төдийлөн сайн ойлгохгүй байгаа учраас маркетинг хийхээсээ илүүтэйгээр харилцагчидаа чадавхжуулах, мэдлэгжүүлэх тал дээр түлхүү ажиллаж байна. Бид бас энэ оны аравдугаар сараас АНУ-ын алдартай сошиал медиа маркетингийн мэргэжилтнийг урьж авчирч, Монголынхоо маркетингийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж, лекц семинар зохион байгуулахаар яриа хэлэлцээрийн шатандаа явж байна.


-Төлөвлөсөн ажлуудад тань амжилт хүсье

Comments