Б.Саруулбаяр: Дэлхий нийт Сошиал Медиа Маркетингийг сонгож байна. Монголчууд үүнээс хоцрох ёсгүй



 Компьютер Таймс сэтгүүлийн 2011.12 №11(59) дугаар
Сайн байна уу? Өөрийгөө танилцуулна уу. 
            Сайн байна уу? Намайг Саруулбаяр гэдэг. ШУТИС- ҮТДС-ийг Хөнгөн Үйлдвэрийн Менежмент чиглэлээр төгссөн. Төгсөөд Интернэт маркетинг, тэр дундаа соошил медиа маркетингийн үйлчилгээ үзүүлдэг СССР LLC-д маркетингийн ажилтнаар ороод сая 9 сараас Ерөнхий менежер болж тушаал дэвшээд ажиллаж байна.
2.      Танай байгууллага сошиал медиа, интернэт маркетингийн чиглэлээр хэдийнээс эхэлж үйл ажиллагаа явуулж байна, энэ салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна?
           Манай байгууллага нь байгууллагдаад
удаагүй шинэ компани л даа. Байгууллагдаад 1 жилийн л нүүрийг үзэж байна. Анхнаасаа Монголд интернэт маркетинг, соошил медиа маркетинг, веб болон программ, аппликэйшн хөгжүүлэлтийг гол чиглэлээ болгон байгууллагдсан, үүгээрээ ч ажиллаж байна. Энэ салбар нь өөрөө шинэ салбар, Монголд хөгжиж байгаа шинэ маркетингийн арга. Би ч өөрөө шинэ салбар дахь шинэ хүн. Сонирхох, турших зэргээр “нухдаг” байснаа болиод яг ажил хэрэг, маркетингийн арга хэрэглүүр, бизнесийн хөдөлгөгч хүч гэдгийг ойлгоод, ажиллаж эхлээд жил гаран болж байна.


Соошил медиа маркетинг, И-мэйл маркетинг нь өөрөө Интернэт маркетингийн бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг. Соошил медиа маркетинг нь И-мэйл маркетинг, вайрал, видео маркетинг, контент маркетинг зэрэгтэй ижил Интернэт маркетингийн нэг бүрэлдэхүүн хэсэг ч хамгийн хурдацтай хөгжиж байгаа, хамгийн ашигтай, хамгийн хямд аргуудын нэг нь яах аргагүй болоод байна. Соошил медиа маркетингийн уламжлалт маркетингаас ялгагдах онцлог, давуу тал нь гэвэл зүгээр л харилцааг үүсгэн, түүгээрээ дамжуулан өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар мэдээ мэдээллийг бусдад түгээх. Одоо бол хэрэглэгч, үйлчлүүлэгч нар телевизийн реклам, фм радио, сонин сэтгүүл, рекламны самбар, вебсайт зэргээс харсан сонссон дуу дүрст сурталчилгаануудаас залхчихсан, тодорхойлбол тулгасан рекламнаас аль болох зугтаж интернэт орчин дахь найз нөхөд, танилын хүрээ болон групп зэргийн харилцааг эрхэмлэдэг болчихсон. Соошил медиа гэх ойлголтонд маш олон сайтууд ордог ч Монголчуудын хэмжээнд файсбүүк, твиттер, ютүб л байна. Энэ гурваар дамжуулан харилцааг үүсгэх нь соошил медиа маркетингийн давуу тал, ялгаа гэж ойлгож болно.


5.      Эдгээр үйлчилгээ нь байгууллагын үйл  ажиллагааны чиглэл, төрөл, онцлогоос шалтгаалан аль үйлчилгээ нь ямар байгууллагад илүү тохиромжтой вэ? 
Эдгээр үйлчилгээ нь ямар ч байгууллагад зохицно. Байгууллага байтугай хувь хүн ч энэ аргыг хэрэглэх боломжтой. Тухайн захиалагчийн зорилго, үйл ажиллагааны чиглэл, хүрэх гэж захиалсан үр дүн, зах зээлийнх нь судалгаа, хэрэглэгчдийн насны онцлог зэргийг тооцсоны үндсэн дээр бид ямар campaign, ямар сувгаар явуулахаа тооцон ерөнхий төлөвлөгөө гаргадаг юм.
            Байгууллагуудад хэрэгтэй гэдгийг олон янзаар нотлож болно л доо. Ерөнхий дэлхий нийтийн хандлага, бусад өрсөлдөгчдийн соошил медиа маркетинг явуулсан тухай судалгаа, тодорхой график, case study нараар ч харуулж болно. Эрэлт хаана байна тэнд нийлүүлэлт очих ёстой учраас энэхүү аргыг хэрэглэх үү үгүй юу биш, хэзээ хэрэглэх үгүйгээ л тооцох ёстой байх. Цаг алдах хэрэггүй, цаг алдвал мөнгө гэдэг шүү дээ.
6.      Яагаад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах болов?
Манай захирал Б.Төгөлдөр Японд Контент Менежментийн чиглэлээр 10 гаруй жил сураад ажиллаад ирсэн хүн байдаг юм. Цуг сурч байсан 3 найзтайгаа хамтраад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулъя, Монголдоо энэ чиглэлийг хөгжүүлье гээд компаниа байгуулсан.
7.      Сошиал медиа, интернэт маркетинг зэрэг үйлчилгээгээр байгууллагаа интернэт хэрэглэгчдэд танилцуулсан нь уламжлалт сонин, сэтгүүл, телевизээс ямар давуу тал, онцлогтой вэ? Эдийн засгийн хэмнэлт ажиглагдах уу? Тэгсэн мөртлөө илүү хүртээмжтэй...?
Давуу тал онцлог нь ердөөсөө л харилцаа. Жишээ нь, танд телевизээр сайхан реклам үзсэн, рекламны самбараас сурталчилгаа үзсэнээс тухайн бараа бүтээгдэхүүний талаар найзын чинь хэлсэн үг, ээжийн чинь өгсөн үнэлэлт зэрэг нь таны сонголтонд их нөлөөлнө биз дээ? Үүнийг л бүрдүүлж өгөхөд Соошил Медиа Маркетинг хийхийн гол үүрэг байгаа юм. Үүнийг бас бүрдүүлье гээд ч бүрдчихдэг зүйл биш. Буруу хийвэл буруу мэдээлэл тарж бүр дордож ч мэднэ. Зөв зохистойгоор, системтэйгээр тодорхойcampaign-уудыг явуулснаар байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр хүнд танигдаж, энэ тухай харилцаа үүсч хандах хандлага сонирхох сонирхол нь төрж олон нийтэд танигддаг.
            Хүртээмжийн талаар ярихад МУ-д л гэхэд файсбүүк хэрэглэдэг 200,000 гаруй хэрэглэгч байна, тэдний талаас илүү хувь нь өдөр бүр хаягаа шалгадаг гэдэг судалгаа байдаг. Тэд бүгд өдөр бүр тухайн байгууллагын мэдээллийг авах гээд вебсайт руу нь орохгүй, телевизээс рекламыг нь сонгож үзэж чадахгүй шүү дээ.  Тиймээс тэр өдөр бүр шалгадаг тэр талбарт нь фан пэйж үүсгэн мэдээлэлээ шэйрлэн, харилцааг үүсгэх нь илүү үр дүнтэй сурталчилгааны арга болооод байгаа юм.
8.      Танай байгууллага одоогийн байдлаар хэдэн байгууллагад үйлчилгээгээ нэвтрүүлээд байна? Ямар байдлаар үйлчилгээ үзүүлж байна?
Манай байгууллага нь төрийн, улсын байгууллага нийлсэн 4, 5 компанид урт хугацааны гэрээтэй ажилладаг. Үндэсний үйлдвэрлэгч СҮҮ ХК нь монголдоо интернэт орчин, соошил медиа-г ашиглан маркетинг хийхийн ашиг тусыг ойлгосон цөөн хэдэн компанийн нэг юм. Сая сүүлд бидэнтэй хамтарч ажиллаж эхэлсэн. Блог, файсбүүк, твиттер болон бусад соошил хаягуудаар интернэт хэрэглэгчийг хамруулан мэдээлэлээ хүргэхийн тулд тодорхой төлөвлөгөө гаргаад эхнийхээ ажлаар Сүү ХК-ийн нэрэмжит “Сүүн цагаан өвөл” фото зургийн уралдааныг зарлаад явуулж байна. 7, 7 хоногоор ялагч нь тодрох энэхүү уралдааны эхний 7 хоногийн 3 ялагч Сүү ХК дээр очиж гарын бэлэгээ уржигдар гардаж авсан, 2 дахь 7 хоногийн тэмцээн нь одоо СҮҮ ХК-ийн файсбүүк пэйж дээр явагдаж байна. Уг уралдаанаар дамжуулан СҮҮ ХК-ийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийг таниулж, санал зөвлөгөө, шүүмж зэргийг хүлээн авч, хэрэглэгч буюу фануудтайгаа тодорхой харилцаа холбоо үүсгэн амжилттай явж байна.
Одоо компаниуд бүгд л уралдаан тэмцээн зохиодог болчихсон. Гэхдээ шүүлт, явц, бүтээгдэхүүнтэйгээ тэмцээнээ холбож байгаа байдал зэрэг нь төдийлөн анхаараагүй тал ажиглагддаг. Бид харин “Сүүн цагаан өвөл” фото зургийн уралдаанаа Karmaloop, Coca Cola, Dell зэрэг топ брэндүүдийн зохиодог фото зургийн уралдааны жишгээр Like-аар бус тусгай тэмцээнд зориулан хийгдсэн Vote аппликэйшнээр санал авч, гранпри эзэнд iPad2 өгөх шагналтайгаар зохиож байна. Энэ завшааныг ашиглаад Сүүн цагаан өвөл сэдэвт хамаарагдах зургаар өрсөлдөж iPad-ны эзэн болоорой гэж уншигчиддаа хэлмээр байна. Сүү ХК-тай хамтарч гаргасан бидний ажил яг төлөвлөгөөний дагуу явж байгаа ба цаашдаа хийх ажлуудын бэлтгэл ажилд орчихоод явж байна.
9.      Facebook marketing, tweet marketing гэх зэргээр ангилсан нь танай байгууллага ийм онцлогтой үйлчилгээ эрхэлдэг гэсэн үг үү? эсвэл Олон улсын, түгээмэл энэ чиглэлийн үйлчилгээ гэсэн үг үү?
Файсбүүк, твиттер зэрэг нь адилхан соошил сайтууд ч гэлээ түүгээр дамжих мэдээллийн агуулга, бүтэц, хэрэглэгчдийн нийгмийн байдал, насны ялгаа зэрэг нь ялгаатай учраас нэгэнд нь тохирсон агуулга нөгөөд нь таарахгүй байх жишээтэй. Тиймээс өөр хоорондоосоо тусдаа хөгжсөн ОУ-ын арга буюу нэршил байгаа юм.
10.  Танай үйлчилгээг авснаар байгууллагын өдөр тутмын болон бизнесийн үйл ажиллагаанд гарсан бодит үр дүн, өөрчлөлт? 
Эхэнд СҮҮ ХК-ийн талаар ярьсан. Дахин Сүү ХК дээр жишээ авч ярия л даа. Эхэндээ хүмүүс “Энэ бүтээгдэхүүнийг СҮҮ ХК хийдэг байсан юм уу?” , “Амттай шүү, баярлалаа” , “Зөөхий чинь ямар үнэтэй вэ?” гэх зэрэг асуулт их ирж байсан бол сүүлдээ “Ааруулаа таван хошуу, зүрхэн хэлбэртэй болговол гоё” , “Эрдэнэтэд тоортой иогуртны хүрэлцээ муу байдаг, наашаагаа нийлүүлэлтээ ихэсгээрэй” гэх мэт саналууд, өөрөөр хэлбэр харилцаа үүсч байгаа юм. Энэ харилцааг харсан гуравдагч этгээд нь энэ бүтээгдэхүүний талаар бүрэн ойлголттой болчихож байгаа биз? Өндөр үнээр телевиз, радиогоор олон дахин реклам цацсаны дайтай үр дүнг хямд зардлаар богино хугацаанд хүргэж байгаа нь СҮҮ ХК-д гарч байгаа бодит үр дүн байгаа юм л даа.
11.  Байгууллагууд энэхүү үйлчилгээ, шийдлийг хэрхэн хүлээж авдаг вэ? Ач холбогдлыг яаж ойлгуулвал зүгээр вэ? Байгууллагуудын дунд байдаг энэ үйлчилгээний талаарх түгээмэл буруу ойлголт? 
Соошил Медиа Маркетинг нь харьцангуй шинэ ойлголт учраас байгууллагууд ийм арга хэрэглэснээс телевизеээр шторк явуулах, сонинд зар байршуулахыг илүүд үздэг юм байна лээ. Яваандаа хэдэн жилийн дараачаас хүссэн хүсээгүй бүгд энэ маркетингийн аргын үнэ цэнэ, ашиг тусыг ойлгоод ирнэ. Харин түрүүлж мэдэрсэн компаниуд хожно. Шинэлэг залуу, зах зээлээ мэдэрсэн компаниуд буюу Сүү ХК, Оюутолгой, Алтай кашмер, Жет англи хэлний сургууль, мөн Лу.Болд, Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ зэрэг улстөрчид Соошил медиа маркетингийн үнэ цэнэ ашгийг түрүүлж ойлгоод байгаа юм.
            Би саяхан нэг хувийн их сургуулийн захирал гэгдэх доктор хүнтэй уулзаж Соошил медиа маркетингийн үйлчилгээгээ танилцуулж, хамтран ажиллах санал тавьсан юм. Тэр хүн өөрөө энэ талаар ямар ч ойлголт байхгүй байсан л даа. “Манайх вебсайттай юм чинь наадхаар чинь яах юм?” , “2 сарын өмнө и-мэйл маркетинг хийлгэсэн, үр дүн гараагүй” гэх мэт шалтгаанаар татгалзах шинжтэй байсан. Ийм хүнд би соошил медиа маркетинг ч биш, интернэт маркетинг ч биш, компьютер, интернэт, вебсайт гэж юу вэ гэдэг талаар ярих шаардлагатай болж байгаа юм. Яагаад энэ жишээг ярьсан бэ гэхлээр Монголын олон албан газар, байгууллага компаниудын удирдлага СММ-ийн үнэ цэнийг мэддэггүй. Зүгээр л нэг фото зураг үздэг, энд тэнд яасан тухайгаа бичдэг талбар гэж ойлгодог бололтой юм .
Ер нь энд тэндэхийн компаниудад очоод санал тавихаар асуудаг нэг асуулт нь “Хэрэв манайх танай үйлчилгээг авбал 1 сарын дараа манай борлуулалт хэдэн хувиар өсөх вэ?” гэдэг. Үнэндээ СММ бол бүтээгдэхүүнийг худалдах биш, давуу талыг арилжих, нэр хүндийг олох, нэг удаагийн худалдан авалтыг биш, байнгын дэмжигч худалдан авагчийг олж авах ажиллагаа л даа. Ер нь ямар ч компани, маркетинг, пи ар гэдгийг борлуулалттай холбож ойлгохоо болиосой, борлуулалт хэдий чухал хөдөлгөгч хүч ч гэсэн компанийн нэр хүнд, брандинг нь түүнээс илүү чухал гэдгийг байнга санах хэрэгтэй.
12.  Үйлчилгээ авах гэж буй байгууллага, компани ямар шаардлага, нөхцөл тавигдах вэ?
Шаардлага нөхцөл бол байхгүй л дээ. Үйлчилгээ авах саналаа, өөрсдийн олж харсан хүсэж буй үр дүнгээ тооцоод бидэнд өгөхөд л хангалттай. Бид түүнийг нь судлаад тохирох оновчтой санаа, шийдэл болон төлөвлөгөөг гаргаад тохирох соошил сувгаар нь ямар компанит ажил явуулахаа шийддэг.
13.  Танай байгууллагын үйлчилгээний үнэ тариф? Тухайн тохиолдол, багц бүрээр харилцан ялгаагүй байдаг бол хүснэгтлэн үзүүлсэн ч болно. 
Үнийн хувьд яг тэр нь төд, энэ энэ төд гээд хэлэх точный тоо бол байхгүй. Ямартай ч зурагт, радио, сонин сэтгүүл дээрх сурталчилгаа рекламыг бодвол хямд, мөн үр дүнтэй. Ямар үр дүнд хүрмээр байгаа, ямар суваг ашиглах, тухайн ажилд ямар аппликэйшн, программууд хэрэг болох, темплэйт дизайны ямар ямар асуудлууд гарах вэ гэх зэргээс хамаарч үнийг тогтоодог. Тэглээ гээд үнэтэй гэсэн үг биш. Манай компани нь хамгийн бага үнээр хамгийн өндөр үр дүнд хүргэхийг зорин ажилладаг.
14.  Энэ талын үйлчилгээгээр мэргэшсэн гадаад, дотоодын хичнээн байгууллага байдаг бол? Тэдгээр олон байгууллагаас яг юуг нь харж сонголтоо хийж, үйлчилгээ авах вэ?
Энэ чиглэлээр үйлчилгээ явуулдаг байгууллагууд дэлхийн хэмжээнд зөндөө бий. Гэхдээ тухайн захиалагчийн таргет буюу зорилтот зах зээл нь Монголд байвал Монгол компани агентлагтай хамтарч ажиллах нь мэдээж үр дүнтэй. Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд цөөн,  хийж бүтээсэн зүйлтэй туршлагатай, чадварлаг боловсон хүчинтэй нь манайхаас гадна ганц хоёр байх шиг харагддаг юм.
15.  Энэ чиглэлийн бусад дотоодын болон гадаадын байгууллагын үйл ажиллагааг судалж үзсэн үү? Хэр санагдсан? Өөрийн байгууллагадаа туршлага нэвтрүүлсэн үү?
Өдөр бүр шинийг судлаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шинэлэг санаануудыг авч байдаг л даа. Манай компани нь энэ талын мэдээллээр хангахдаа их анхаарал тавьдаг. Бид мэргэлжийн мэдээллийн эх сурвалжаас авсан мэдлэгээ өдөр бүр хоорондоо шэйрлэж, апдэйт хийж байдаг. Бас өөрсдөө интернэтээс дэлхий даяар энэ салбарт юу болж байна, юу шинээр гарч ирэв, юу хоцрогдов, чиг хандлага нь хаашаа яаж яваад байна вэ гэдгийг байнга танддаг.
16.  Сошиал медиа, интернэт маркетингийн үйл ажиллагааны олон улсын чиг хандлага?
Одоо дэлхий нийтээр компаниуд бүгд соошил медиа маркетинг ашигладаг болж байна л даа. Америкийн жишээгээр ярихад B2C буюу хэрэглэгчиддээ ханддаг  нийт компаниудын 82 хувь нь соошил медиа маркетинг ашигладаг гэсэн судалгаа байдаг. Тэдний 9% нь СММ-г огт хэрэггүй, 12% нь манай салбарт тохирохгүй, 54% нь энэ чиглэлээрх мэргэшсэн ажилтан байхгүй гэсэн хариулт өгсөн байдаг. Харин 30% нь манайх шиг мэргэшсэн компани агентлагтай хамтарч ажилладаг гэсэн судалгаа байдаг л даа. СММ-д компаниуд 2009 онд 11сая доллар зарцуулдаг байсан бол 2014 онд 54 сая доллар болтлоо өснө гэсэн судалгаа ч байдаг. Тэгэхлээр дэлхий нийт тийшээ хандаж байна, СММ-г ашиглаж байна, Монголчууд ч үүнээс хоцрох ёсгүй.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Эх сурвалж: Компьютер Таймс сэтгүүлийн 2011.12 №11(59) дугаар

Comments